Сүрьеэ МОНГОЛ улсад
Сүрьеэ МОНГОЛ улсад
Сүрьеэ нь хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин юм. Сүрьеэгийн нян нь хүний биеийн аль ч эрхтэнг гэмтээж болох ч ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг.
Дэлхий дээрх 3 хүн тутмын 1 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг.
Уушгины халдвартай сүрьеэтэй 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараана.
Сүрьеэтэй хүнтэй гар барих болон хэрэглэж буй эд зүйлсээр халдвар дамжихгүй. Сүрьеэгийн эмчилгээ нь 6-24 сар үргэлжилнэ.
Сүрьеэ дэлхий дахинд ( эх сурвалж: ДЭМБ, 2016 оны тайлан)
- Сүрьеэ нь нас баралтын тэргүүлэх 1 шалтгааны нэг болж байна.
- Сүрьеэгээр 10,4 сая хүн өвчилж, 1,8 сая хүн нас баржээ.
- 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 170000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас баржээ.
- ХДХВ-ийн халдвартай нас барж буй тохиолдлуудын 35 % нь сүрьеэгийн шалтгаантай байна.
- Сүрьеэгээр өвчилсөн тохиолдлуудын 56% нь эрэгтэйчүүд, 34% нь эмэгтэйчүүд байна.
- Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолджээ.
Сүрьеэ МОНГОЛ улсад:
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй сүрьеэгийн тохиолдлын хувь жил бүр нэмэгдсээр байна.
Сүрьеэгийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс (нийгэм, эдийн засгийн хүчин зүйл):
- Ядуурал: Сүрьеэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлийн нэг юм.
Хоол тэжээлийн дутагдал, дархлалын тогтолцоо сул байх нь сүрьеэгээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл. Сүрьеэгийн шинэ тохиолдлын 1/4- нь хоол тэжээлийн дутагдлын шалгаантай байдаг.
Монгол улсад бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөнүүдийн 50% нь ажилгүй, 70% нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байдаг.
- Шилжилт хөдөлгөөн: Шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сүрьеэгийн тохиолдыг олж илрүүлэхгй байх эрсдэл нэмэгдэнэ.
Орон гэргүй хүмүүс ихэвчлэн бичиг баримтгүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй байдаг нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдахад саад учруулж байгаа бөгөөд энэ хэрээр сүрьеэгийн халдварыг бусдад тараасаар явна.
Орон гэргүй сүрьеэтэй өвчтөний эмчилгээ таслалт нь бусдад халдвараа тарааж, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх нөхцөл болж байна.
- Тамхидалт: Тамхины хэрэглээ нь сүрьеэгээр өвчлөх эрсдлийг 2-2,5 дахин нэмэгдүүлнэ.
- Агаарын бохирдол: Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчин болон сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
Монгол улсад жилд 120 мянган тонн хорт бодис агаарт тархдаг бөгөөд жилд дунджаар 0,2 тонн хорт бодисоор амьсгалж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшин бууруулдаг болохыг тогтоосон.
- Сүрьеэтэй өвчтөний хавьтал:
Өрхийн хавьтал гэж: сүрьеэгийн эмчилгээ эхлэхээс өмнөх 3 сарын хугацаанд нэг орон байранд хамт амьдарч байсан хүнийг хэлнэ.
Ойрын хавьтал гэж: өрхийн хавьтал биш боловч өвчтөнд сүрьеэгийн эмчилгээ эхлэхээс өмнөх 3 сарын хугацаанд анги танхим, ажлын байр, асрамжийн газар, хорих анги гэх мэт газарт хамт байсан хүнийг хэлнэ.
- Эрүүл мэндтэй холбоотой хүчин зүйл:
ДЭМБ-ын 2015 оны мэдээллээр сүрьеэ болон ХДХВ-ийн хавсарсан халдвартай 1,2 сая хүн амьдарч байна.
ХДХВ-ийн халдвартай хүн сүрьеэгээр өвчлөх эрсдэл ХДХВ-ийн халдваргүй хүнтэй харьцуулахад 20-30 дахин өндөр байдаг.
2016 оны байдлаар МОНГОЛ улсад ХДХВ-ийн халдвартай 220 тохиолдол бүртгэгдсэн ба сүрьеэ болон ХДХВ-ийн хавсарсан халдвартай 52 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 46 нь эмэнд мэдрэг сүрьеэ, 6 нь эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн байна.
- Мэргэжлээс шалтгаалах өвчин:
Уурхайчид нь тоос шороонд бага өртдөг мэргэжилтэй хүмүүстэй харьцуулахад 2 дахин илүү сүрьеэ өвчнөөр өвчлөх эгзэгтэй байдаг.
Силикозтой уурхайчдын дунд сүрьеэгийн өвчлөл силикозгүй уурхайчидтай харьцуулахад 26 дахин их байдаг.
- Чихрийн шижин:
Чихрийн шижинтэй хүмүүст сүрьеэгээр өвчлөх эрсдэл нь эрүүл хүмүүсийг бодвол 2-3 дахин өндөр байдаг тул эдгээр өвчтөнүүдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулах шаардлагатай байдаг.
Дэлхий дээрх сүрьеэгийн нийт өвчлөлийн 10% нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дунд тохиолдож байна.
Чихрийн шижинтэй сүрьеэтэй өвчтөнүүд сүрьеэгийн эмчилгээний явцад нас барах, эмчилгээний дараа дахих эрсдэл өндөр байдаг.
Comments
Post a Comment