Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлтийг 2 ангилдаг:
1. Өвөрмөц (БЦЖ вакцинжуулалт, СДХЭ-сүрьеэгийн далд халдварын эмчилгээ)
2. Өвөрмөц бус (нийгмийн болон сүрьеэтэй өвчтөнтэй амьдарч буй хүмүүст хийх эрүүл ахуй, мэдээлэл-боловсрол олгох арга хэмжээ) гэж ангилдаг.
                             1. Сүрьеэгээс сэргийлэх өвөрмөц урьдчилан сэргийлэлт 
1.а  БЦЖ вакцинжуулалт

БЦЖ вакцинжуулалт олон улс оронд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг нь болж нярай, хөхүүл хүүхдийн 80-аас илүү хувийг хамардаг. БЦЖ нь сүрьеэгийн менингит, цочмог түгмэл сүрьеэгээс сэргийлж чаддагийг баталсан байна.
Вакцины хамгаалалт аажмаар суларч, 10-20 жилийн дараа бүрэн устдаг байу болох юм.
БЦЖ вакцин нь анхдагч халдвар авах, сүрьеэгийн далд халдвар дахин идэвхижихээс сэргийлж чаддаггүй.
БЦЖ вакцин амьд микобактери бөгөөд тариулсан хүний биед үржиж, сүрьеэгээс удаан хугацаанд хамгаалах дархлааг үүсгэдэг.
БЦЖ вакцин гэрэлд их мэдрэг учраас харанхуй сэрүүн нөхцөлд, 5-8С-д хөргөгчинд хадгалдаг.
сүрьеэгийн эсрэг тарилгыг өөр бусад тарилгатай нэг өдөр хамт хийдэггүй.

1.б  Хими урьдчилан сэргийлэлт (СДХЭ-сүрьеэгийн далд халдварын эмчилгээ)
Урьдчилан сэргийлэх эмчилгээг сүрьеэгийн халдвар аваад өвчлөөгүй байгаа хүмүүст хийдэг. Халдвар авсан эсэхийг туберкулины сорилоор илрүүлнэ. 
СДХЭ зайлшгүй шаардлагатай бүлэг нь халдвартай сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүд халдвар авах, сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй.
СДХЭ-нд хэрэглэдэг үндсэн эм нь Изониазид(H) /юм. Н-ыг биеийн жинд 10мг/кг-аар тооцож, (300мг-аас ихгүй) өдөрт нэг удаа, 6 сарын турш өгнө. Н-тай хамт найрлаганд нь В бүлгийн амин дэм заавал орсон поливитамины бэлдмэл өгөх хэрэгтэй.

2. Сүрьеэгээс сэргийлэх өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт 

2.а  Эрүүл ахуйн урьдчилан сэргийлэлт:
Сүрьеэтэй өвчтөний тасагт халдварын эрсдэл хамгийн их байдаг. Эрүүл ахуйн урьдчилан сэргийлэлтэнд сүрьеэтэй өвчтөн байгаа газарт халдаварлалт тархахыг бууруулах арга хэмжээнүүд ордог. Үүнд:
  • Халдвартай сүрьеэтэй өвчтөнг цаг алдалгүй оношилж, эмчлэх,
  • Өвчтөнг ангилж, халдвар тараах аюултай өвчтөнөөс бусад өвчтөн халдвар авах эрсдлийг бууруулах,
  • Эмнэлэгт байгаа өвчтөн бусад тасаг, эмнэлгийн нийтэд зориулсан газраар сэлгүүцэхгүй, бусад тасгаар дамжин өнгөрөхдөө амны хаалт хэрэглэж байх ёстой,
  • ХДХВ-ын халдвартай хүмүүс СМБ(сүрьеэгийн микобактер)-т илүү өртөмтгий байдаг учраас тэдэнд сүрьеэгийн халдвар тархахаас сэргийлэх хэрэгтэй.
Халдвар авах эрсдэлийг багасгах хүчин зүйлс:
  • Ханиахад мөрдөх эрүүл ахуйн зарчмууд
  • Нарны гэрэл ба агааржуулалт
  • Нянг устгах хэт ягаан туяа
  • Амны хаалт
2.б  Сүрьеэгийн талаарх сурталчилгаа, олон нийтийн оролцоо
Сурталчилгаа, олон нийтийн оролцооны үндсэн чиглэлүүд:
  • Мэдээлэл боловсрол олгох ажил
  • Сурталчилгаа
  • Олон нийтийн оролцоо
Олон нийт дараах зүйлсийг мэдэж байх ёстой:
  • Сүрьеэ байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай,
  • Сүрьеэ халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд дамждаг, буруу эмчилвэл тахир дутуу болох, нас барах магадлалтай.
  • Сүрьеэ бүрэн эдгэрдэг,
  • Сүрьеэгээс сэргийлж болно.
Сүрьеэтэй өвчтөн, сүрьеэтэй байж болзошгүй хүмүүсийг сүрьеэгийн тархалтыг бууруулдаг доорхи энгийн зүйлд сургасан байх хэрэгтэй:
  • Ханиахдаа ам хамраа таглах,
  • Цэрээ цэрний саванд хаяж байх,
  • Эмчид үзүүлэхдээ толгойгоо нөгөө тийш харуулж байх.
Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэе

Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Эмэнд мэдрэг сүрьеэ